МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ОЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ойн тухай хууль тогтоомж
2.1.Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2.“ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.3.“ойн нөөц” гэж ойг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг;
3.1.4.“ашиглах нөөц” гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг;
3.1.5.“эзэмшлийн ой” гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;
3.1.6.“ойн менежментийн төлөвлөгөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх, эсхүл эзэмшлийн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгаж, төлөвлөсөн баримт бичгийг;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.7.“ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
3.1.8.“ойн нөхөрлөл” гэж Иргэний хуулийн 481.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8-д заасны дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг;
3.1.9.“ойг хамгаалах” гэж ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг;
3.1.10.“ойг ашиглах” гэж ойн сангаас зохих журам, заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг;
3.1.11.“ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12.“ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг;
3.1.13.”ойн тооллого, ой зохион байгуулалт” гэж ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.14.“ой үржүүлэг” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг;
3.1.15.“ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.16.“ойн санд үзүүлэх хортой нөлөөлөл” гэж аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан бүхий л сөрөг үйлдлийг;
3.1.17.“түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг;
3.1.18.“ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” гэж төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ой, хээрийн түймэр үүсэж тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээг;
3.1.19.“ой, хээрийн түймрийг илрүүлэх” гэж түймэр гарсан тухайн газрын байр зүй, тархалтын хэмжээг тодорхойлох болон түймрийн голомтыг олж тогтоохыг;
3.1.20.“хил дамнасан ой, хээрийн түймэр” гэж тухайн улсын хил болон хилийн дагуух бүс нутагт гарсан ой, хээрийн түймэр өргөжин дэлгэрч хоёр улсын хилийн зааг, хил дамнаж гарсныг;
3.1.21.“ой, хээрийн түймрээс учирсан хохирол” гэж түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль-экологи, эд материалд учирсан хохирол, ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг;
3.1.22.“ой, хээрийн түймрээс учирсан экологийн хохирол” гэж түймрийн нөлөөгөөр байгаль-экологийн тогтолцооны хэвийн байдал, ой, түүний хөрс, ус хамгаалах экологийн үүрэг ач холбогдол алдагдах, амьтан, ургамал устах болон тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчин доройтох, байгалийн нөөц, баялаг хомсдохыг;
3.1.23.“ой, хээрийн түймрээс учирсан эд материалын хохирол” гэж түймрийн нөлөөгөөр барилга байгууламж, мал, амьтан, ургамал, өвс тэжээл, малын хашаа саравч, машин тоног төхөөрөмж, гэр, орон сууц, эд материал зэрэг үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэмтэх, устах зэргээр улс орон, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан шууд хохирлыг;
3.1.24.“ой, хээрийн түймрийн хор уршиг” гэж Гамшгаас хамгаалах тухай хууль-ийн 4.1.10-т заасныг;
4 дүгээр зүйл.Таримал ойг өмчлөх, ойн санг эзэмшүүлэх
4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна.
4.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.
4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, нутгийн захиргааны байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-ын тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
4.4.Ойн нөөц болон ойн санг дор дурдсанаар эзэмшүүлнэ:
4.4.1.төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд;
4.4.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад.
4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.
4.6.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээний дагуу эзэмшүүлж байгаа ойн сангийн тодорхой хэсэг нь эзэмшлийн ойд хамаарна.
4.7.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ойн менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ ойг хамгаалах, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу мод, дагалт баялгийг ашиглах, ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах, нөхөн сэргээх арга хэмжээг авна.
4.8.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эзэмшлийн ой нь хамгаалалт, ашиглалтын аль ч бүсэд хамаарч болно.
4.9.Засгийн газар хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалтыг зориулалт, экологи, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг харгалзан тогтооно.
4.10.Ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.
4.11.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн ойд хохирол учруулахгүйгээр иргэн аялал зугаалгаар явах, мал туувар дайран өнгөрөх, зөгий үржүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ойн дагалт баялгийг ашиглах, ан хийж болно.
4.12.Энэ хуулийн 4.6-д заасан эзэмшлийн ойд эзэмшигчээс бусад этгээд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах тохиолдолд тухайн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, арчлахад гарсан зардлын тодорхой хувийг ойн санг гэрээгээр эзэмшигчид төлнө.
4.13.Энэ хуулийн 4.12-т заасан зардлыг төлөх журам, аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно. цааш унших
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж
2.1.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.дэлгэрэнгүй
Хуудас: 1 | ( 2 мэдээ ) |