Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байгаа билээ. Иймд байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж орчны бохирдол, доройтлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох шинэ боломж бүрдүүлэх зорилготой МУ-ын “ Ногоон хөгжлийн бодлого” баримт бичгийг 2014 оны 6-р сарын 13 ны өдрийн УИХ-ын 43-р тогтоолоор баталжээ.
Ногоон хөгжлийн бодлогыг 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
1 дүгээр үе шат: Ногоон хөгжлийн үндсийг тавих үе, 2014-2020 он;
2 дугаар үе шат: Ногоон хөгжилд шилжих үе, 2021-2030 он.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилготой.
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Нэг.Ногоон хөгжилд шилжих шаардлага, үндэслэл
1.1.Дэлхий нийтийн хандлага
Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа дээрх асуудлыг хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн юм. Улмаар түүний төрөлжсөн байгууллагаас байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж орчны бохирдол, доройтлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байна.
УИХ-ын 2011 оны 1-р сарын 6-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “ өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр “хөтөлбөрийн зорилго нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд, эдийн засаг, нийгмийн салбарыг нийцүүлэн хөгжүүлэх, түүний эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон эдийн засгийн хөгжил, өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Уг хөтөлбөр хэрэгжиж дуусахад буюу 2021 он гэхэд Монгол Улсад байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж бүрдэж, ногоон эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын өнөөгийн байдал
Уур амьсгалын өөрчлөлт гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийн дүнд бий болсон өөрчлөлтийг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн болон бусад хүчин зүйлийн нөлөө, түүний дотор хүний үйл ажиллагааны улмаас үүснэ.
Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий. Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна.
Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос 2008 оны хооронд 2.140С-ээр дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 онд 0.74оС-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад манай оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байна. Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим хувиар багасчээ.
1961 оноос хойш газрын гадаргын ууршиц 118.1 мм-ээр ихэссэн, ургамлын ургалтын хугацаанд ордог хур борооны хэмжээ 33.0 мм-ээр буурсан нь хуурайшилт, цөлжилтийн гол шалтгаан болж байна. Хавар цас ханзрах хугацаа бараг нэг сараар урагшилж, хөрс цасан бүрхүүлгүй болон ургамал бүрхэвчгүй байх хугацаа уртассан нь салхинд газрын хөрс элэгдэх боломжийг нэмэгдүүлж, 1960-аад оноос хойш шороон шуургатай өдрийн тоо нийт нутгийн хэмжээнд 3-4 дахин ихэссэн байна.
Хуурайшилт эрчимтэй явагдаж байгаагаас олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, зүйлийн бүрдэл нь хомсдож байна. Бэлчээр доройтож, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээс мал сүрэг зун, намар тарга хүчээ бүрэн авч чадахгүй давжаарч зудын гамшгийг тэсвэрлэх чадвар нь буурч байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм.
Хүлэмжийн хий гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотын хүчил (N2O), ус фторт нүүрстөрөгчүүд (HFCs), перфторт нүүрстөрөгчүүд (PFCs), гексафторт хүхэр (SF6) зэрэг хий орно. Хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна.
Монгол Улсын хэмжээгээр хүлэмжийн хийн нийт ялгаралт 2006 онд 18,868 мян.тн-CO2-экв, шингээгч /хүлэмжийн хий, тоосонцор буюу хүлэмжийн хийн урьдач бодис агаар мандалд орж байгаа аливаа явц, үйлдлийн хэлбэр буюу механизм/-ийг хассан цэвэр ялгаралт 15,628 мян.тн-CO2-экв байжээ. Хүлэмжийн хийн нийт ялгаралтын 54.2 хувийг эрчим хүч, 34.2 хувийг хөдөө аж ахуй, үлдсэн хувийг газар ашиглалт, ойн талбайн өөрчлөлт, үйлдвэр, хог хаягдлын зэрэг салбар тус тус эзэлж байна. 2006 оны байдлаар Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ ихэнх хөгжиж байгаа орон болон дэлхийн дунджаас ихээхэн дээгүүр байна. Улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагаас харвал хүлэмжийн хийн ялгаралт цаашид ч эрс нэмэгдэх төлөвтэй. Иймд байгаль орчныг хамгаалах, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Монгол нутагт ган, зуд, аадар бороо, мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж, улмаар хүн амын осол, эндэгдэл мэдэгдэхүйц өсөн нийгэм, эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2 дахин нэмэгджээ.
Дулааралтын улмаас хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээр ходоод, гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх хандлагатай байна. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10,000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 орчим болж өссөн байна.
Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдцаар үргэлжилбэл экологийн томоохон сүйрэлд хүргэж болохын дээр улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно. дэлгэрэнгүй