2020 оны 10-р сарын 1
Аудит
Аливаа үйл ажиллагаанд тавигдсан шаардлага болон шаардсан стандартыг биелүүлж байгаа эсэхийг шинжлэх буюу шалгах мөн тэрхүү үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллийг баримт нотолгоотойгоор гарган харуулах ажиллагааг аудит гэнэ.
Аудит гэдэг үгийн хувьд англи хэлний "номын шалгалт, тооцооны шалгалт"; латин хэлний auditus буюусонсох гэдэг үгнүүдтэй дүйцдэг ажээ.
Хаана ямар салбарт хэрэглэхээс шалтгаалан аудит нь байгаа байдлыг хянан шалгах эсвэл өмнө нь тавьсан зорилт өнөөдрийн хэр хэмжээнд хүрсэнийг хооронд нь харьцуулалт хийн дүгнэдэг. Ихэнхдээ аудитын зорилго нь ерөнхийдөө шалгалтаар гарч байгаа асуудлыг ямар аргаар зайлуулж болох эсвэл сайжруулах шаардлага байгаа эсэхийг тогтооход оршино.
Аудитыг салбар,хэрэглээ зэргээр нь ангилсан төрлүүд:
- Санхүүгийн аудит буюу санхүүгийн баримтуудыг нягтлан бодох бүртгэлийн зарчмаар зөв, тодорхой, эмх цэгцтэй хөтлөн явуулж буй эсэхийг шалгах,
- Тохирлын /Комплиансе / аудит буюу дүрэм, журамтай таарч байгаа эсэх тухай шалгалт)
- Гүйцэтгэлийн аудит буюу зорилго буюу үр дүн, үр ашигт хүрсэн эсэхийг объектын болон системийн шалгалтаар тогтоох ба үүнд ашигласан нөөц нь эдийн засгийн болоод ямар нэгэн үр ашигт хүргэсэн эсэхийг нягтлах,
- Системийн аудит буюу менежментийн системийг шалгах,
- Процессын аудит буюу тухайн үйл явцыг дангаар нь авч үзэж шалгаж, нягтлах
- Технологийн аудит буюу хэрэглэгчийн хүлээлт дээр үндэслэн бүтээгдэхүүний чанар, стандартын нийцлийг шалгах,
- Төслийн аудит буюу тухайн төслийн явц, үр дүнг шалгах,
- Мэдээллийн аудит буюу хэвлэл, мэдээллийн ба бусад үйл ажиллагааны мэдээлэл бодит эсэхийг шалгах,
Аудиторын эрхээр нь ялгасан төрлүүд:
- Дотоод аудит - аудитор нь тухайн байгууллагын ажилтан бөгөөд байгууллагын дотоод аудитыг гүйцэтгэх эрхтэй байна.
- Хэрэглэгчийн аудит - ихэнхдээ хэрэглэгч өөрөө хөндлөнгийн этгээдэд нийлүүлэгчийнхээ бүтээгдэхүүнийг шалгах эрх үүргийг олгоно.
- Сертификатжуулах аудит - сертификат олгох үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий гадны буюу бусдаас хамааралгүй, гуравдагч талын аудитын байгууллагаас хийж буй шалгалтын үйл ажиллагааг хэлнэ.
- Дээр дурьдсан аудитыг өөрөөр анхдагч, хоёрдогч, гуравдагч талын аудит гэж нэрлэдэг.