Ногоон хөгжлийн бодлого

     Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байгаа билээ. Иймд байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж орчны бохирдол, доройтлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох шинэ боломж бүрдүүлэх зорилготой МУ-ын “ Ногоон хөгжлийн бодлого” баримт бичгийг 2014 оны 6-р сарын 13 ны өдрийн УИХ-ын 43-р тогтоолоор баталжээ.

Ногоон хөгжлийн бодлогыг 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

1 дүгээр үе шат: Ногоон хөгжлийн үндсийг тавих үе, 2014-2020 он;

2 дугаар үе шат: Ногоон хөгжилд шилжих үе, 2021-2030 он.

     Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилготой.

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 Нэг.Ногоон  хөгжилд шилжих шаардлага, үндэслэл

             1.1.Дэлхий нийтийн хандлага 

            Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна.

 Нэгдсэн үндэстний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа дээрх асуудлыг хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн юм. Улмаар түүний төрөлжсөн байгууллагаас байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж орчны бохирдол, доройтлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байна. 

 

            1.2.Монгол Улсын хөгжлийн боломж, сорилт

 

Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна. Нөгөө талаас, байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 15-40 насны залуус 47.2 хувийг эзэлж байгаа, нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна.

 

Гэхдээ Монгол Улсын ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байна.

 

Иймд “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгон хүн амын амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

1.3.Ногоон хөгжлийн үзэл баримтлал

 

                       1.3.1.Ногоон хөгжлийн талаарх нэр томьёоны тодорхойлолт

 

            Энэхүү баримт бичигт хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

            -“ногоон хөгжил” гэж байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загварыг;

 

            -“ногоон эдийн засаг” гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг;

 

            -“ногоон өсөлт” гэж хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах, нийгмийн оролцоог дэмжих, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн өсөлтийг;

 

-“ногоон үйлдвэрлэл” гэж эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг;

 

            -“ногоон ажил” гэж эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөрийг;

 

            -“ногоон хот” гэж эрчим хүч, дулаан, ус хангамж, харилцаа холбоо, нийтийн тээврийн ухаалаг дэд бүтэц, хог хаягдлын оновчтой менежмент бүхий хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан хот сууринг;

 

-“ногоон барилга” гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламжийг;

 

            -“ногоон худалдан авалт” гэж эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг;

 

            -“ногоон санхүүжилт” гэж байгалийн нөөц баялаг, экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг хадгалж, эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах технологи ашиглах төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулахыг; 

 

            -“ногоон татвар” гэж байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн татварыг;

            -“экосистемийн үйлчилгээ” гэж байгалиас заяасан хүнс, түүхий эд, нөөцөөр хангах, уур амьсгал, орчны эрс өөрчлөлтийн нөлөөг зохицуулах, хүний амьдралыг тэтгэх, оюуныг сэргээх үр өгөөжийг;

 

            -“экосистемийн үйлчилгээний төлбөр” гэж экосистемийн үйлчилгээг хүртэгч болон уг үйлчилгээг тогтвортой хадгалахад хувь нэмрээ оруулагчийн хооронд бий болгох төлбөрийн зохицуулалтын механизмыг.

 

1.3.2.Монгол Улсын ногоон хөгжлийн үзэл баримтлал

 

Дэлхий нийтээр хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ хүний аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих  эрмэлзэлийг дэмжин,

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан,

 

өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага, хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсныг ухамсарлаж,

 

байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах замаар монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжих нь ногоон хөгжлийн үзэл баримтлал мөн.

 

            Байгалийн үр өгөөжийг үнэлж зохистой ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон хөрөнгө оруулалт, ногоон худалдан авалтыг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зэрэг арга механизмыг ашигласнаар ногоон хөгжилд шилжинэ.

 Үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад бий болсон байгалийн нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын түвшин, ногоон ажил эрхлэлт, ногоон худалдан авалтын өсөлт болон нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ногдох эрчим хүч, усны зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний экологийн ул мөрийн бууралт зэрэг нь ногоон хөгжилд шилжиж байгааг тодорхойлох гол үзүүлэлтүүд болно.

 1.3.3.Ногоон хөгжлийн бодлогын зарчим

             Ногоон хөгжлийн бодлогыг хангахад дараах зарчмыг баримтална:

 -нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах;

-ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого,  төлөвлөлтийг хийх;

 

-цэвэр дэвшилтэт технологийг дэмжих;

-ногоон өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог             хангах;

-байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх;

-ил тод, хариуцлагатай, хяналттай байх.

Хоёр.Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилт

            2.1.Зорилго 

            Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно.

             2.2.Стратегийн зорилт

             Ногоон хөгжлийг хангахад дараах стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

             Стратегийн зорилт 1. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.

             Стратегийн зорилт 2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

             Стратегийн зорилт 3. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

             Стратегийн зорилт 4. Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.

             Стратегийн зорилт 5. Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.

             Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.

 Гурав.Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга зам

             3.1.Стратегийн 1 дэх зорилтыг дараах арга замаар хангана:

 

3.1.1.эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн үрэлгэн хэрэглээ, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж, тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;                   

3.1.2.ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, эдгээрийг дэмжих урамшуулал, хөнгөлөлтийн механизмыг хэрэгжүүлж, барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулах;

 3.1.3.өрсөлдөөнийг урамшуулж бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож мөрдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг сайжруулах;

 3.1.4.хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 2020 онд 60 хувь, 2030 онд 80 хувьд хүргэх;

 3.1.5.хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ойн зурвас байгуулах замаар газар тариалан эрхлэлтийн улмаас үүсэх газрын доройтлыг бууруулж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах;

 3.1.6.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжих;

3.1.7.байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх;

 3.1.8.эрдэс баялгийн салбарт нөөцийг үр ашигтай, хаягдалгүй ашиглах технологи бүхий үйлдвэрлэлийг дэмжих;

 3.1.9.ил тод, хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлэн, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх;

 3.1.10.уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн хайгуул, олборлолтод олон улсын стандартыг нутагшуулж мөрдөх, байнгын хяналт-шинжилгээ хийх замаар орчны бохирдлоос сэргийлэх; 

3.1.11.уул уурхайн салбарын орлогоос баялгийн сангийн хуримтлалыг бий болгон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зарцуулах;

 

3.1.12.байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх.

                  3.2.Стратегийн 2 дахь зорилтыг дараах арга замаар хангана:

          3.2.1.байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх;

 3.2.2.байгалийн нөөцийн үндэсний парк, байгаль, соёлын өвийн дурсгалт  газарт уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлан, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон эко аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх;

 3.2.3.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлэх;

 3.2.4.биологийн олон янз байдлын удмын санг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг тэтгэх замаар хомсдолоос сэргийлж, ашиглалтын нөөц бүрдүүлэх;

3.2.5.генетик нөөц, түүнтэй холбогдох уламжлалт мэдлэгийг бүртгэж үнэлэх, ашиглах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, нөөцийн үр өгөөжийг хүртэх нөхцөлийг  хангах;

 3.2.6.хувиргасан амьд организмын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, импорт, худалдааны хязгаарлалт тогтоох;

 3.2.7.ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх;

3.2.8.ой, түүний дагалт баялаг, байгалийн ургамал, амьтны хамгаалал, зохистой ашиглалтад нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлж, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;

 3.2.9.ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэх;

 3.2.10.үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх цэнгэг усны ашиглалтыг хязгаарлан, хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих;

 

3.2.11.хур бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах санаачилга, гадаргын усны хуримтлал бий болгон ашиглах төсөл, газрын доорх усыг нөхөн сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх туршилт судалгааг хөхиүлэн дэмжих;

3.2.12.эдийн засгийн хурдацтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хүний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах хор уршгийг багасгах, арилгах нөхцөлийг бүрдүүлж хуурайшил, газрын доройтол, цөлжилтийн сөрөг үр дагаврыг бууруулах;

 3.2.13.үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон, бохирдолд өртсөн, атаршсан газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээж аж ахуйн зориулалтаар дахин ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих;

3.2.14.байгалийн баялгийг зохистой ашиглах эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах механизмыг боловсронгуй болгох.

           3.3.Стратегийн 3 дахь зорилтыг дараах арга замаар хангана:

3.3.1.дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг өсгөх;

3.3.2.байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээний дадлыг төлөвшүүлэх, дэмжих, байгалийн нөөцийн ашиглалтын бүтээмжийг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх;

3.3.3.ойн ус тогтоон барих, нүүрсхүчлийн хий шингээх, голын татмын ус хуримтлуулах, цэвэршүүлэх чадавх зэрэг экосистемийн үйлчилгээг тэтгэн, үр өгөөжийг үнэлж олон нийтэд таниулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх; 

3.3.4.байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн ногоон татварын системийг бий болгох; 

3.3.5.олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрт ногоон хөгжлийн зарчмыг тусган бага нүүрстөрөгч бүхий, эрчим хүчний хэмнэлттэй технологийн худалдааг  дэмжих; 

3.3.6.Засгийн газрын худалдан авалтын 20-оос доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад  зарцуулах; 

3.3.7.банк, санхүүгийн байгууллагын байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх;

 

3.3.8.ногоон хөгжлийн үзүүлэлтийг үндэсний тооцооны системд тусган байгаль орчноос нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг тооцох.

             3.4.Стратегийн 4 дэх зорилтыг дараах арга замаар хангана:                     

3.4.1.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байнгын ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын 80-аас дээш хувь нь зохистой хөдөлмөр эрхэлж, баталгаатай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх; 

3.4.2.олон улсын жишигт нийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн чадварлаг ажиллах хүчинтэй болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх; 

3.4.3.амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгон, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг бэхжүүлэх; 

3.4.4.иргэдийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулж хөдөлмөрийн зах зээлд зуучлах, хүүхэд асрах эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, амьдрал ахуйд хүрэлцэхүйц цалинг олгох; 

3.4.5.хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулж аюулгүй байдлыг хангах, эрүүл аж төрөхөд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлэх; 

3.4.6.байгалийн хүчин зүйл, баялгаас шууд хамаарал бүхий иргэдийн амьжиргааг сайжруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадавхыг бэхжүүлэх; 

 3.4.7.алслагдсан нутагт бэлчээрийн даацад тохируулан мал аж ахуй эрхэлж, усны эх, булаг, шандыг арчилж тордох зэргээр бэлчээрийн доройтлоос сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа малчдад экосистемийн үйлчилгээний төлбөрийн урамшуулал олгох механизмыг бүрдүүлэх. 

          3.5.Стратегийн 5 дахь зорилтыг дараах арга замаар хангана: 

3.5.1.тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх; 

3.5.2.Байгаль орчны удирдлагын MNS ISO14000 багц стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжиж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй зөв дадлыг бий болгох;

 

3.5.3.уул уурхайн болон хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхийн өмнө байгаль, түүх, соёлын өвд учруулах эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

 3.5.4.ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2030 онд 3 хувьд хүргэн, ногоон хөгжлийн хурдасгуур болгох;

3.5.5.инноваци, биотехнологи, нанотехнологи дамжуулах, бойжуулах, нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, чанар, онцлогоороо тэргүүлсэн ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

             3.6.Стратегийн 6 дахь зорилтыг дараах арга замаар хангана:

 3.6.1.уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх; 

3.6.2.хот, тосгоны газар ашиглалт, барилгажилтын бүсчлэл, дэд бүтцийн төлөвлөлтийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах;

3.6.3.Улаанбаатар хот болон бусад хот сууриныг дахин төлөвлөж эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх; 

3.6.4.үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувь бууруулах; 

3.6.5.байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, найдвартай, эрсдэлгүй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлэх; 

3.6.6.явган зорчигчийн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх. 

3.7.Хэрэгжүүлэх үе шат           

            Ногоон хөгжлийн бодлогыг 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ: 

            1 дүгээр үе шат: Ногоон хөгжлийн үндсийг тавих үе, 2014-2020 он;

            2 дугаар үе шат: Ногоон хөгжилд шилжих үе, 2021-2030 он.

 Дөрөв.Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн үр дүн 

4.1.Хэрэгжүүлэх механизм, хяналт үнэлгээ 

4.1.1.Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар батална. 

4.1.2.Ногоон хөгжлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогын баримт бичиг, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ. 

4.1.3.Улс төрийн нам, хүчин, эвсэл, холбоод бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга замыг тусган хэрэгжүүлнэ. 

4.1.4.Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн идэвх оролцоог урамшуулж, хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлнэ. 

4.1.5.Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Засгийн газар жил бүр үнэлгээ хийж, Улсын Их Хуралд танилцуулна. 

4.1.6.Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн үр ашгийг зохих аргачлал, загварчлал ашиглан үнэлнэ. 

            4.2.Шалгуур, хүрэх үр дүн 

            Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож, 2013 оны тоон мэдээллийг суурь болгон авч үзнэ: 

Шалгуур үзүүлэлт

2020 он /хувиар/

2030 он

 /хувиар/

Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалдсэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь

 

20

 

30

Барилгын дулааны алдагдлын  бууралт, хувь

20

40

Хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээ, хувь

20

40

Ногоон хөгжилд зарцуулах зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

 

2

 

3

Шинжлэх ухаан, технологийн судалгаанд зарцуулах зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

 

2

 

3

Засгийн газрын ногоон худалдан авалтын эзлэх хувь

20

30

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ, хувь

25

30

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хувь

 

20

 

30

Нийт газар нутагт ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувь

 

8.5

 

9

Баталгаат ундны усаар хангагдах хүн амын эзлэх хувь

 

80

 

90

Сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдах хүн амын эзлэх хувь

 

40

 

60

Ядуурлын түвшин

24

15

Улаанбаатар хот, бусад суурин газрын ногоон байгууламжийн талбайн эзлэх хувь

 

15

 

30

Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь

 

28

 

30

Хүрэх үр дүн

             1 дүгээр үе шат: Ногоон хөгжлийн үндсийг тавих үе, 2014-2020 он

             Монгол Улсын нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. 

            Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.

2 дугаар үе шат: Ногоон хөгжилд шилжих үе, 2021-2030 он

             Хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжинэ.      

 ---оОо---