Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенци

НҮБ –ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (УАӨСК) нь 1992 онд Рио де Жэнеиро хотноо болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн Дэлхийн чуулганаар байгуулсан олон улсын байгаль орчны гэрээ юм.  НҮБУАӨСК –ийн зорилго нь дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүргэлгүйгээр тогтворжуулахад чиглэсэн  арга хэмжээ, заалтуудыг агуулдаг бөгөөд 1992 оноос хойш дэлхийн 196 улс  нэгдэн орсон байна.1995 оноос хойш оролцогч орнууд (СОР –Country of parties) жил бүр хуралдаж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

 УӨАСК-д нэгдсэн орнууд гэрээний зорилгоо хэрхэн биелүүлэх талаар тогтмол хэлэлцэж арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тухайлбал:

1997 онд байгуулсан Киотогийн Протокол нь НҮБ  УАӨСК-ын үндсэн зорилт болох Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар өндөр хөгжилтэй орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тогтоож өгсөн. 2005-2012 ба  2012-2020 онуудыг хамарсан 2 үе шаттай үүрэг хүлээх болсон өндөр хөгжилтэй орнуудыг хавсралт 1-ийн улсууд гэдэг .

Өндөр хөгжилтэй орнууд дараах үүргийг авсан байдаг:

 -2008-2012-2020 онуудад гол 6 нэрийн Хүлэмжийн хийг  /25-40% / бууруулах,

-Олон улсын  зах зээлд суурилсан нүүрстөрөгчийн шинэ  зах зээлийг бий болгох,

-Тогтвортой хөгжлийг хангах, дасан зохицох чиглэлээр хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх

Киотогийн протоколын хэрэгжилтийг хангах зорилгоор Хүлэмжийн хийн ялгаралт (ХХЯ) -ыг бууруулах хэд хэдэн зах зээлийн механизмыг бий болгож хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс хамгийн өргөн хэрэгжиж байгаа нь ХХЯ-ыг бууруулах Хамтарсан хэрэгжүүлэлт,  Цэвэр хөгжлийн механизм, Үндэсний онцлогт тохирсон хөтөлбөр, Хамтарсан кредитын механизмын аргууд байна.

Цэвэр хөгжлийн механизм  гэдэг нь Киотогийн протоколоор ХХ-н ялгарлаа бууруулах талаар тодорхой үүрэг аваагүй хөгжиж буй орнуудын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй төслүүдээс бий болох ХХ- ялгарлын бууралтыг хэмжиж баталгаажуулсны үндсэн дээр ялгаралтын баталгаажсан бууралт гэсэн  нэгжийг тухайн төсөлд олгох, уг кредитыг Хавсралт 1-д орсон  өндөр хөгжилтэй орнууд ХХЯ-аа бууруулах үүрэгтээ тооцуулах эрх олгож буй механизм юм. Энэ механизмыг хамгийн амжилттай хэрэгжиж байгаа гэж үзэж болох юм. 2012 оны 7 сарын 23 ны  байдлаар бүртгэгдсэн ЦХМ-ын тоо 4,373 байгаагийн 49,41 % нь Хятадын, 19,82% нь Энэтхэгийнх байгаа бол манай улсаас 5 төсөл бүртгэгдсэн байдаг.

Хамтарсан кредит олгох механизм гэдэг нь Япон улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ХХЯ-ыг дүйцүүлэн бууруулж кредит олгох  хоёр талын механизм буюу  хүлэмжийн хийн ялгарлыг  бууруулах зах зээлийн шинэ  механизм юм. Энэ механизмын хүрээнд улс орнууд хамтран ажилласнаар ЦХМ-ын нэгэн адил ХХЯ-ыг бууруулж буй төсөл, арга хэмжээний үр дүнд  хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын баталагаажсан хэмжээгээр  кредит буюу  урамшуулал олгох  боломж бүрдэнэ.  Энэ механизмын үндсэн зарчмууд:

  • НҮБУАӨСК-ын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга механизмуудын нэг бөгөөд хоёр талын гэрээнд тулгуурлана,
  • ХХЯ багатай технологи, бүтээгдэхүүн , үйлчилгээг  хөгжиж буй орнуудад нэвтрүүлэн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, Японы ХХЯ-ыг бууруулах зорилтыг биелүүлэх, 
  • ХХЯ-ын бууралтыг харилцан хүлээн зөвшөөрөхийн тулд арга зүйг 2 тал хамтран боловсруулж хэмжих , тайлагнах,  нотлох тогтолцоог бий болгох,

 

Энэ механизмыг хэрэгжүүлэхдээ

  • Худалдаалагдах боломжгүй кредит олгох механизм хэлбэрээр үйл ажиллагааг эхэлнэ.
  • Цаашид худалдаалагдах боломжтой кредит олгох төрлийн механизмд шилжих талаар зөвшилцөөнийг ХКОМ-ын хэрэгжилтийг харгалзан үзэж үргэлжлүүлнэ

Энэхүү түншлэл нь Конвенцийн хүрээнд  боломжит ОУ-ын шинэ суурь нөхцөл  бий болж  хүчин төгөлдөр болох өдөр хүртэл хугацааг хамрана. ХКОМ-ыг хэрэгжүүлэхдээ Хамтарсан хороог байгуулж ажиллана. ХХ нь талуудыг төлөөлсөн  2  дарга, 2 нарийн бичгийн газартай.