Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид нэгдэн орсон талуудын 2009 оны 15-р бага хурлаас дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхэлсэн (1750 –аад он) үеийнхтэй харьцуулахад 2 градусаас хэтрүүлэхгүй барих талаар улс орнууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн юм. Хүлэмжийн хий (ХХ)-н хэмжээг зорилтот түвшинд хүртэл бууруулахад одоо хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга зам, механизмууд нь хангалтгүй байгаа тул хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах өөр шинэ арга зам, механизмыг бий болгон ашиглахыг конвенцид нэгдсэн орнуудад хүлээн зөвшөөрсний дагуу Япон улс “Хамтарсан Кредит Олгох Механизм”-ыг санаачлан хэрэгжүүлж байна.
2013 оны 1-р сард Монгол –Япон улсын Засгийн газар хооронд “ Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулагдаж Улаанбаатар хотноо баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг механизмын хүрээнд улс орнууд хамтран ажилласнаар Киотогийн протоколын Цэвэр хөгжлийн механизмын нэгэн адил хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төсөл, арга хэмжээний үр дүнд хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын баталгаажсан хэмжээгээр кредит буюу урамшуулал олгох боломж бүрдсэн бөгөөд эхний үед Худалдаалагдахгүй кредит хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт талууд хамтран төсөл хэрэгжүүлж Японы технологийг нэвтрүүлэх хэлбэрээр 50% хүртэл хөрөнгө оруулалт хийх буюу хүлэмжийн хийн бууралтыг урамшуулах юм.